2024-04-27

ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ

ОУМСХ. Зөвлөлдөх товчооны гишүүдийн

2014 оны 1  сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэн санал нэгтэй батлав

Олон Улсын Монгол Судлалын Холбоо (цаашид Холбоо) бол олон улсын монгол судлалын нийгэмлэг, төвүүд болон монголч эрдэмтдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн төрийн бус, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага мөн.

 I. Холбооны үйл ажиллагааны зорилго

1. Монгол угсаатны хэл аялгуу, аман ба бичгийн уран зохиол, түүх, соёл, урлаг, шашин шүтлэг, нүүдлийн болон суурьшмал ахуй ба соёлын зан үйл, мэдлэг ухаан хийгээд орчин үеийн нийгэм, улс төрийн олон талт асуудлыг бүхэлд нь “Монгол судлал” хэмээх нэгдсэн ойлголтод багтаан, тэдгээрийг олон улсын хэмжээнд судлан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

2. Дотоод, гадаадын монгол судлалын нийгэмлэг, төвүүд, монголч эрдэмтэдтэй тогтмол хамтран ажиллаж, тэдгээрийн сургалт судалгааны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, сурталчлан таниулах  зэргээр хөхиүлэн дэмжих.

3. Олон улсын монгол судлалын хэмжээнд болж буй үйл ажиллагаа, судалгааны шинэ бүтээлийн холбогдолтой мэдээллийг хэвлэл болон цахим хуудсаар дамжуулан шуурхай мэдээлэх.

4. Дотоод, гадаадын монгол судлалын нийгмэлэг, төвүүд, монголч эрдэмтэдтэй ном бүтээлийн солилцоог идэвхижүүлэх, Монголын эрдэмтдийн бүтээлийг гадаадын монгол судлалын төвүүдэд илгээх.

5. Дотооддоо монгол судлалын номын сан, мэдээллийн цахим сан байгуулж, байнга баяжуулан монгол судлаачид, сонирхогч олонд үйлчлэх таатай орчин бүрдүүлэх.

6. Монголын түүх, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, хамтран зохион байгуулах.

7. Дотоод, гадаадын залуу монгол судлаачдыг дэмжиж, сургалтад хамааруулах, мэргэшлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, судалгааны боломж бүрдүүлэхэд туслах.

8. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болон дотоод, гадаадын боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн байгууллагуудтай нягт хамтран ажиллах.

9. Дэлхийн олон улс оронд тархан амьдарч буй монгол угсаатнуудын хэл, соёл, зан заншилыг судлах, тэдний бүтээсэн үнэт өвийг бүртгэж, хадгалан хамгаалахад зохих туслалцаа үзүүлэх.

II. Үйл ажиллагааны хэлбэр

1. Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурал (цаашид Их хурал)-ыг таван жил тутамд зохион байгуулах.

2. Их хурлуудын чөлөөнд монгол судлалын тодорхой чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум, уулзалт ярилцлагыг жил бүр зохион байгуулах.

3. Монгол судлалын чиглэлээр зохион байгуулах олон улсын эрдэм шинжилгээний хурлын товыг өмнөх жилд нь гаргаж, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн төлөвлөгөөнд тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх.

4. Шаардлагатай тохиолдолд монгол судлалын холбогдолтой аливаа асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг, судалгааны баг байгуулан ажиллуулах.

5. Монгол судлаачдад зориулан олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл болон монгол судлалын холбогдолтой мэдээ, мэдээллийг хэвлэл болон цахим сангаар дамжуулан гишүүд, дэмжигчиддээ толилуулах.

6. Монгол судлалын чиглэлээр зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний томоохон хурал, уулзалт ярилцлагад бие төлөөлөгчөө оролцуулах, холбогдох тайлан мэдээг «Монгол судлалын мэдээлэл» сэтгүүл, цахим хуудсанд тогтмол мэдээлэх.

7. Монгол судлалын талаар гадаадад хэвлэгдсэн номын нэгдсэн онлайн сан үүсгэх ажлыг шат дараатай зохион байгуулах.

8. Монголын түүх, археологи, угсаатны судлал, хэл шинжлэл, аман зохиолын хээрийн шинжилгээний чиглэлээр зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх.

9. Монголын тухай мэдлэгийг дэлгэрүүлэх, монгол судлалыг сурталчлан таниулах зорилгоор тодорхой сэдвээр лекц, уулзалт ярилцлага зохион байгуулах.

10. Монгол судлалын тулгамдсан зарим асуудлаар эрдэм шинжилгээний төсөл боловсруулан, эрдэмтдийн оюуны хүчийг нэгтгэн ажиллах.

III. Гишүүнчлэл

3.1. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, монгол судлалын үйлсэд сайн дураараа нэгдэн орох хүсэлтэй хувь хүн, сургалт, судалгааны байгууллага, хамт олон тус Холбооны Нарийн бичгийн дарга нарын газар(цаашид НБДНГ)-т бичгээр болон он-лайн хэлбэрээр өргөдлөө гаргаснаар холбооны гишүүнд элсэх эрх нээгдэнэ.

   3.1.1. Холбоонд элссэн хувь хүн нь гишүүн, насан туршийн гишүүн байж болно.

   3.1.2. Монгол судлалын чиглэлээр дорвитой хэд хэдэн бүтээл туурвиж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтнийг өөрийнх нь зөвшөөрөл болон их хурлын шийдвэрийг үндэслэн хүндэт гишүүнээр өргөмжилж болно. Хүндэт гишүүн жилийн татвар төлөхгүй.

  3.1.3. Холбооны гишүүн бүрт үнэмлэх олгоно.

3.2. Гишүүний элсэлтийн хураамж, жилийн татвар:

  3.2.1. Хувь хүн, байгууллага, хамт олон Холбоонд гишүүнээр элсэхэд 50 ам. доллартай тэнцэх элсэлтийн хураамж төлнө.

  3.2.2. Гишүүний жилийн татварыг гишүүнд элссэний дараа жилээс эхлэн авна. Гишүүний нэг жилийн татвар нь хувь хүн 50 ам. доллар, байгууллага, хамт олон 200 ам. доллар байна. Насан туршийн гишүүнээр элсэх хүн 500 ам. доллартай тэнцэх мөнгийг нэгмөсөн, эсвэл хоёр хуваан төлж болно. Насан туршийн гишүүнээр бүртгэгдсэн гишүүн жил бүрийн татвараас бүрмөсөн чөлөөлөгдөнө. Тэтгэврийн насны ажил төрөл эрхлээгүй гишүүний жилийн татварыг 40 хүртэл хувиар хөнгөлж болно.

  3.2.3. Гишүүдийн тухайн жилийн татварын зарцуулалтын тухай нэгдсэн мэдээг дараа жилийн эхний сард багтаан гишүүн нэг бүрт цахим хаягаар мэдэгдэнэ.

IV. Гишүүний эрх, үүрэг

4.1. Гишүүний эрх

  4.1.1. Холбооны бүх шатны байгууллагад сонгох ба сонгогдох, холбооны үйл ажиллагааны талаар санал өгч хэлэлцүүлэх.

  4.1.2. Холбооны үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцох.

  4.1.3. Холбооны хэвлэлийг үнэ төлбөргүй авах.

  4.1.4. Холбооны хэвлэлд бүтээлээ нийтлүүлэх буюу сурталчлахад давуу эрх эдлэх.

  4.1.5. Холбооны гишүүнчлэлээс татгалзахыг хүссэн тохиолдолд НБДНГ-т өргөдлөө гаргах.

4.2. Гишүүний хүлээх үүрэг

  4.2.1. Холбооны дүрмийг мөрдөж биелүүлэх.

4.2.2. Их хурал, НБДНГ, Зөвлөлдөх товчооноос гаргасан шийдвэрийн хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлэх.

4.2.3. Холбооны зорилго, үйл ажиллагааг сурталчлан таниулах.

4.2.4. Гишүүний татварыг жил тутам төлөх.

V. Холбооны байгууллагууд

Холбооны удирдах дээд байгууллага нь Олон улсын монголч эрдэмтдийн Их хурал, Их хурал дээр сонгон байгуулагдсан Зөвлөлдөх товчооноос бүрдэх бөгөөд Их хурал, Зөвлөлдөх товчооны хурлын чөлөөнд бүх үйл ажиллагааг НБДНГ эрхлэн гүйцэтгэнэ.

5.1. Олон улсын монголч эрдэмтдийн Их хурал нь Зөвлөлдөх товчооны санамжийг үндэслэн 5 жил тутамд нэг удаа хуралдаж, доор дурдсан үйл ажиллагаа явуулна.

5.1.1. Их хурлын тайлан илтгэлд тухайн 5 жилийн хугацаан дахь олон улсын монгол судлалын үйл ажиллагаа, үр дүнгийн талаар тоймлон дүгнэж цаашдын зорилтын талаар тодорхой мэдээлнэ.

5.1.2. Монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцэнэ.

5.1.3. Холбооны удирдах байгууллага болох Зөвлөлдөх товчоог сонгон батална.

5.1.4. Монгол судлалд гарамгай амжилт гаргасан эрдэмтдийн дотроос Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Зөвлөлдөх товчооны бүрэлдэхүүн, Ерөнхий нарийн бичгийн даргыг Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар сонгон батламжилна.

5.1.5. Холбооны дүрмийн Зөвлөлдөх товчоогоор хэлэлцсэн нэмэлт, өөрчлөлт зэргийг хянан баталгаажуулна.

5.2. Холбооны Ерөнхийлөгч нь их хурлаас 5 жилийн хугацаагаар сонгогдох бөгөөд дараагийн их хурлаар улируулан сонгож болно. Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа нь:

5.2.1. Ерөнхийлөгч нь Холбоог төлөөлөх бөгөөд түүний ажлыг ерөнхий удирдлагаар хангана.

5.2.2. Их хурлын бүгд хуралдаан, Зөвлөлдөх товчооны чуулганыг даргална.

5.3. Зөвлөлдөх товчоо нь Их хурлын чөлөөнд жилд нэг удаа хуралдана. Зөвлөлдөх товчооны үйл ажиллагаа нь:

5.3.1. Их хурлын тайланд дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

5.3.2. Их хурлаас баталсан Холбооны дүрмийн үндсэн зарчмуудыг хөндөхгүйгээр, гагцхүү цаг үеийн шаардлагаас урган гарсан нэмэлт, өөрчлөлтүүдийг боловсруулж батална, хэрэгжилтэд хяналт тавина.

5.3.3. Холбооны “MONGOLICA” сэтгүүлд хэвлэгдэх өгүүллийг хэлэлцэн шийдвэрлэх эрх бүхий редакцийн зөвлөлийг нийтэд танигдсан эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр томилон байгуулна.

5.3.4. Зөвлөлдөх товчоо, НБДНГ-ын хамтарсан шийдвэрээр мэргэжлийн шалгаруулах комиссыг байгуулан Холбооны гишүүдээс монгол судлалын чиглэлээр тухайн 5 жилд томоохон бүтээл туурвисан залуу эрдэмтэд дотроос нэгээс гурав хүртэл хүнийг сонгон шалгаруулж ээлжит их хурлын үеэр ОУМСХ-ны шагналд нэрийг нь дэвшүүлнэ.

5.3.5. Зөвлөлдөх товчооны бүрэлдэхүүнд Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна монгол судлалын нийгэмлэг, төвүүдийн төлөөлөгчид болон үндсэн салбар мэргэжил болгоноос төлөөлөл бүхий нэрт монголч эрдэмтэд орсон байвал зохино.

5.3.6. Зөвлөлдөх товчооны бүрэн эрхийн хугацаа дараачийн ээлжит Их хурал хүртэл хүчинтэй.

5.4. Ерөнхий нарийн бичгийн дарга их хурлаас 5 жилийн хугацаагаар сонгогдох бөгөөд дараагийн их хурлаар улируулан сонгож болно. Ерөнхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаа нь:

5.4.1. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх үүрэг бүхий НБДНГ-ыг толгойлж, Их хурал, Ерөнхийлөгч, Зөвлөлдөх товчооноос гаргасан чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

5.4.2. Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсад байнга оршин суугаа иргэн байх бөгөөд Их хурлын өмнө ажлаа тайлагнана.

5.4.3. Ээлжит их хурлын бэлтгэлийг хангана.

5.4.4. Зөвлөлдөх товчооны ээлжит хуралд бэлтгэж, хуралдуулах бэлтгэлийг хангана.

5.4.5. Холбоо, НБДНГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг бэлтгэхэд шаардлагатай төсвийг жил тутам боловсруулж хэрэгжүүлнэ.

5.4.6. Холбооны тогтмол хэвлэлүүд болон мэдээлэл, сурталчилгааны асуудлыг хариуцна.

VI. Холбооны хэвлэл

6.1. Холбоо нь олон улсын эрдэм шинжилгээний “MONGOLICA” сэтгүүл жил тутам, монгол судлалын мэдээлэл түгээх зорилготой “BULLETIN” цувралыг жилд хоёр удаа эрхлэн гаргана.

6.2. Олон улсын монголч эрдэмтдийн ээлжит их хурлын илтгэлүүдийг тухайн хурлын дараа жилд багтаан хэвлэж, холбооны бүх гишүүд, их хуралд оролцсон нийт зочин төлөөлөгч болон монгол судлалын үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын байгууллагуудад түгээнэ.

6.3. Холбооноос зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум, семинарын материалыг хэвлэн нийтэлнэ.

VII. Санхүүжилт

Холбооны санхүүжилтийн эх үүсвэрийг доор дурдсан зүйлчлэлээр ангилна.

7.1. Энэхүү дүрмийн III зүйлийн 2.-т заасан гишүүдийн элсэлтийн хураамж, жил тутмын татвар.

7.2. МУ-ын Засгийн газрын санхүүжилт.

7.3. Монгол судлалын төвүүд, олон улсын болон үндэсний байгууллага, хамт олон, хувь хүмүүсээс өргөсөн хандив, тэтгэмж, санхүүгийн тусламж.

7.4. Холбооны дүрэмд заасан үйл ажиллагаанаас олсон орлого зэрэг бусад эх үүсвэр болно.

VIII. Ерөнхий зүйл

8.1. Холбооны албан ёсны хаяг нь ОУМСХ-ны НБДНГ-ын байрлаж байгаа хаягаар нэрлэгдэнэ. НБДНГ нь Холбооны өдөр тутмын ажлыг явуулахдаа Холбооны бүтэн нэр бүхий албан бичгийн нүүр, бэлгэдэл, тамга тэмдгийг хэрэглэнэ.

8.2. Холбоо нь Монгол Улсад бүртгэлтэй аль нэг банкинд төгрөгийн болон валютын харилцах данстай байна.

8.3. Холбоо нь өөрийн архив, монгол судлалын номын сан, мэдээллийн хөмрөгтэй байна.

8.4. Холбооны үйл ажиллагаа явуулах албан ёсны хэл нь монгол, англи, орос хэл байна.

ОУМСХ-ны НБДНГ

2014 оны 1 дүгээр сарын 14